Гол, мөрний усны горимын тойм 2019-11-01

2019 оны аравдугаар сарын гуравдугаар арав хоног

           1.Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн

Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш 5 см орчим буурсан явцтай ба энэ нь  2018 оны мөн үеийнхээс  15-20 см бага түвшинд байна. Эдгээр голуудад мөсөн зах болон нимгэн мөсөн бүрхүүл үүсэх үзэгдэл голлон ажиглагдсан байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман Хойттамир, Урдтамир голын 10 дугаар сарын 21-ний өдрийн усны түвшинг 11 дүгээр сарын 1-ний өдрийнхтэй харьцуулбал харьцангүй өөрчлөлт багатай ба өмнөх оны мөн үеийнхээс 10-20 см бага устай, мөсөн зах, шингэн, өтгөн зайр гүйх үзэгдэл зонхилон ажиглагдсан  байна.

Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Шарын гол, Сэлбэ, Сөгнөгөр болон Туул голын нийт уртын дагууд усны түвшин өнгөрсөн хугацааны турш 5-10 см буурсан ерөнхий хандлагатай ба Сэлбэ голын дагууд 10-15 см зузаан мөсөн бүрхүүлтэй бол бусад голуудад мөсөн зах өргөсөн зузаарч нимгэн мөсөн бүрхүүл тогтох зэрэг үзэгдэлтэй байна.  

Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд мөсний үзэгдэл ажиглагдаж эхлээгүй ба усны түвшин өмнөх арав хоногийн турш 5-10 см орчим буурсан байна.  Харин Орхон гол Бат-Өлзий сум орчимд мөсөн зах, шингэн зайр гүйх үзэгдэл ажиглагдсан байна.

      2.Номхон далайн ай савын гол, мөрөн

Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн болон Их Хянганы нуруунаас усжих Халх голын дагууд усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурсан явцтай байсан ба шингэн, өтгөн, дунд зэргийн зайр гүйх үзэгдэлтэй байлаа.

      3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав                

            Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Дундцэнхэр, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй, Булган зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногт 5 см орчим буурсан бол бусад голуудын хувьд түвшний өөрчлөлт багатай өнжсөн байна.  Аравдугаар сарын гуравдугаар арав хоногийн байдлаар эдгээр голуудын усны түвшин өнгөрсөн оны мөн үеийнхээс 15-35 см ахиу байна. Сагсай, Турган, Харбут, Булган зэрэг голуудад мөсөн зах, дунд зэргийн болон шингэн зайр гүйх үзэгдэл голлон ажиглагдсан байна.

Хангай нурууны өврийн Яруу, Цагаантуруут, Шаргалжуут, Шар ус, Зэгстэй зэрэг голуудад мөсөн зах үүсэх, шингэн болон өтгөн зайр гүйх үзэгдэл ажиглагдсан бол бусад голуудын хувьд хараахан мөсний үзэгдэл ажиглагдаж эхлээгүй ба усны түвшний өөрчлөлт багатай байсан байна.

Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс,  Хариг, Намир, Хангилцаг зэрэг голуудын усны түвшин өнгөрсөн хугацаанд аажим буурсан  ба  арав хоногийн дундаж утгаараа 2018 оны мөн үеийнхээс  15-20  см их байгаа бол Чигж, Баруунтуруун, Хангилцаг голынх 5-10 см бага түвшинд байна.

Аравдугаар сарын гуравдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний  усны түвшин аажим буурсан явцтай ба жижиг голуудад 5-10 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон бол дунд болон томоохон голуудад мөсний үзэгдэл эрчимжиж эхэлсэн байна. 

Гадаргын усны судалгааны хэлтэс

2019.11.01

 

 

Улаанбаатар - 2019/11/12

14 цаг

-14 6
O
CF
Үзэгдэлгүй
4 м/с

ӨНӨӨДӨР - 2019/11/12

-13 8
O
CF
Ялимгүй цас

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store