
Ажиглалтын мэдээ > Цаг агаарын мэдээ
Шинэчлэгдсэн: 2021-04-09 10:18:03
Сарын тойм
2021 ОНЫ 3 ДУГААР САРЫН УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
Хаврын улиралд цаг агаар тогтворгүй байдагтай холбоотой агаарын температурын хэлбэлзэл ихэсдэг. Манай орны 3 дугаар сарын агаарын дундаж температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -10°С -аас -20°С (14°F-аас -4°F), цөлийн бүс нутгаар -1.2°С-аас 2.5°С (29.8°F-аас 36.5°F), бусад нутгаар -1°С -аас -10°С (30.2°F-аас 14°F) хүйтэн байдаг байна.
Монгол орны хэмжээнд 3 дугаар сард хур тунадас бага унадаг бөгөөд ойролцоогоор жилийн нийлбэр хур тунадасны 2 хувьтай тэнцдэг. Сардаа Говь-Алтай, Баянхонгорын урд, Өмнөговийн баруун хэсгээр 5-6 мм, Өлгий, Увс, Ховдийн хойд хэсэг, Дундговь, Дорноговийн нутгаар 1-3 мм бусад нутгаар 2-5 мм тунадас унадаг байна.
Зураг 1. 1981-2010 оны 3 дугаар сарын агаарын дундаж температур, нийлбэр хур тунадасны газарзүйн тархалт
2021 оны 3 дугаар сарын агаарын дундаж температур 1981-2010 оны олон жилийн дундаж (ОЖД)-аас 5.2°С-аар дулаан буюу 1940 оноос хойш тохиолдож байгаа 3 дахь дулаан сар болж өнгөрлөө. Бүс нутгаар авч үзэхэд (Зураг 2) баруун аймгуудын хойд, төвийн, говийн болон зүүн аймгуудын ихэнх нутгаар ОЖД-аас +5.0–аас +8.0°С –аар илүү дулаан байжээ.
Хур тунадасны хувьд тус сард Монгол орны хэмжээнд дунджаар 3.0 мм тунадас орсон. Бүс нутгаар авч үзэхэд (Зураг 2) ихэнх нутгаар ОЖД-аас 20-80 хувиар бага хур тунадас орсон. Харин баруун аймгуудын зарим хэсэг, нутгийн хойд хэсэг, Дундговь, Сүхбаатар, Дорнод аймгийн зарим хэсгээр ОЖД-аас 20 хувиас ахиу тунадас оржээ.
Зураг 2. 2021 оны 3 дугаар сарын агаарын дундаж температур, нийлбэр хур тунадасны ОЖД-аас хазайх хазайлт
Монгол орны нийт нутаг болон 4 бүсээр (баруун, төв, өмнө, зүүн) хуваан дунджилсан 3 дугаар сарын хоногийн дундаж агаарын температурын ОЖД-аас хазайх хазайлтын явцыг авч үзэхэд (Зураг 3-а) 1, 2, 3 дугаар арав хоногт нийт нутгаар ОЖД-аас 0.5-aaс 14.4°С-аар дулаан, 1 дүгээр 10 хоногийн эхэнд зүүн, 2 дугаар 10 хоногийн сүүлчээр баруун, төв, өмнө нутгаар цөөхөн хоногийн хүйтрэлт ажиглагдсан.
Хур тунадасны хоногийн явцыг авч үзэхэд (зураг 3-б) 2-р арав хоногт төвийн бүс нутгаар нутгаар харьцангуй ахиу тунадас орсон.
Зураг 3. Хоногийн дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны ОЖД-аас хазайх хазайлт
Тус сард агаарын температурын үнэмлэхүй их утга Өмнөговийн Манлайд агаарт 23.8°С, хөрсний үнэмлэхүй их температурын утга Баянхонгорын Хориултад 42°С хүрч ажиглагдсан бол үнэмлэхүй бага утга Хөвсгөлийн Ренчинлхүмбэд агаарт -37.2°С, хөрсөнд -39°С хүрч хүйтэрсэн. Хоногт хамгийн их хур тунадас нь Увсын Улаангомд 4-ний өдөр 6.0 мм тунадас орсон. Харин даралтын үнэмлэхүй их утга Сэлэнгийн Сүхбаатарт 957.1 гПА, бага утга 757.8 гПа хүрч тус тус ажиглагдсан. Салхины хурд хамгийн их нь Дундговийн Мандалговь, Эрдэнэдалайд 40 м/с хүрчээ.
Зураг 4. Тус сард ажиглагдсан экстремаль утгууд
Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааны хэлтэс, УЦУОСМХ

Онцлох мэдээ
2 цаг




ӨНӨӨДӨР - 2021/04/19



7 м/с


Шинэ мэдээ

