
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-05 11:27:52
Гол, мөрний усны горимын тойм /2015-09-11/
Гол, мөрний усны горимын тойм
2015 оны есдүгээр сарын нэгдүгээр арав хоног
1.Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн
2015 оны оны есдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Шишхэд голын усны түвшин өмнөх арав хоногийн дундаас хоногт 2-20 см нэмэгдсэн бол Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр зэрэг голууд харьцангуй түвшний хэлбэлзэл багатай байсан байна. Эдгээр голууд арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дунджаас 5-40 см бага харин өмнөх 2014 оны мөн үеийнхээс 10-35 см ахиу түвшинд байна.
Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир голын усны түвшин арав хоногийн эхээр хоногт 2-5 см нэмэгдэж, хугацааны дундаас аажим буурсан хандлагатай байна. Хангайн арын голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 20-70 см ахиу байна.
Хэнтэй нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Шарын гол, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Туул, Сөгнөгөр, Бороо зэрэг голуудын усны түвшин өнгөрсөн хугацааны турш өөрчлөлт багатай буюу хоногийн түвшний хэлбэлзэл 1-2 см байсан байна. Хэнтэй нурууны баруун хажуугийн дээрх голууд арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дундаж болон 2014 оны мөн үеийнхээс 15-70 см бага түвшинд байна.
Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим нэмэгдсэн ерөнхий хандлагатай байсан бол Орхон голын дагууд усны түвшин хугацааны дунд үеэр хоногт 2-5 см нэмэгдээд арав хоногийн сүүлээр аажим буурсан явцтай байна. Сэлэнгэ мөрний нийт уртын дагуух арав хоногийн дундаж түвшинг өнгөрсөн 2014 он болон олон жилийн дундажтай харьцуулбал 15-70 см ахиу харин Орхон голын хувьд өмнөх оны мөн үеийнхээс 10-25 см ахиу ба олон жилийн дундаж түвшнээс 10-40 см бага байна.
2.Номхон далайн ай савын гол, мөрөн
Хэнтэй нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн голын дагууд усны түвшин өмнөх арав хоногийн эхээр хоногийн түвшний өөрчлөлтгүй шахам байсан хэдий ч арав хоногийн дундаас хоногт 2-10 см нэмэгдсэн хандлагатай байна. Харин Их хянганы нуруунаас эхтэй Халх болон Улз голын дагууд мөн хугацааны эхээр усны түвшин харьцангуй хэлбэлзэл багатай байсан ба 9 дүгээр сарын 5-ны өдрөөс аажим буюу хоногт 1-2 буурсан явцтай байлаа. Номхон далайн ай савын дээр дурьдсан голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 20-60 см бага байна.
3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав
Алтай нуруу, түүний салбар уулсаас усжих Ховд, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй, Булган, Дундцэнхэр, Чонохарайх, Төгрөг, Долооннуур зэрэг голуудын усны түвшин өнгөрсөн хугацааны турш хоногийн түвшний хэлбэлзэл багатай байсан байна. Харин Буянт голын усны түвшин арав хоногийн эхээр хоногт 5-20 см нэмэгдэж, элбэг устай байсан Буянт гол Ховд хот орчмоор 9 дүгээр сарын 3,4-ний өдрүүдэд үерийн түвшинг 15 см даван үерлэсэн ба арав хоногийн сүүлээр аажим буурсан хандлагатай байна. Алтай нурууны дээрх голууд арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дундаж болон 2014 оны мөн үеийнхээс 10-25 см их түвшинд байна.
Хангай нурууны өврийн Чигэстэй, Богд, Буянт, Хүнгүй, Хожуул, Зүйл, Завхан, Түй, Заг, Шаргалжуут, Онги, Зэгэстэй, Таац зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш 5-10 см буурсан байна. Харин ус судлалын Байдраг-Баянбүрд харуул орчимд хугацааны турш усны түвшин хоногт 1-2 см-ээр нэмэгдэж, үерийн түвшинг давсан байдалтай өнжсөн байна. Хангайн өврийн голуудын арав хоногийн дундаж түвшинг өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 10-50 см ахиу харин Богд, Хүнгүй, Түй, Цагаантуруут, Онги голын дагууд 5-20 см бага байна.
Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Тэс, Хангилцаг зэрэг голууд өнгөрсөн хугацааны турш хоногийн түвшний хэлбэлзэл багатай байсан ба арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2014 оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-35 см ахиу түвшинд байна.
Есдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан явцтай байна.
Ус судлалын сектор
2015.09.11

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
5 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2021/03/01



6 м/с


Шинэ мэдээ

