
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2021-02-11 13:41:51
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2021-02-11
2021 оны хоёрдугаар сарын нэгдүгээр арав хоног
- Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн
Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгдэж, 30-135 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь 2020 оны мөн үеийнхээс 10-20 см нимгэн байна. Харин Дэлгэрмөрөн, Эг, Үүр голын хувьд олон жилийн дунджаас 5-20 см ахиу зузаантай байна. Эг гол Хатгал тосгон орчимд харз гүйх үзэгдэл ажиглагдсаны улмаас ус судлалын харуул орчимд мөсний зузаан 25 см нимгэрсэн байна. Хөвсгөл нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 5-10 см нэмэгдэж, Хатгал тосгон болон Ханх сум орчимд 90-95 см зузаан мөстэй болжээ.
Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир голын дагууд мөсний зузаан өнгөрсөн арав хоногийнхоос 5 см орчим нэмэгдэж, 50-145 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба эдгээр голуудын мөсний зузааныг өмнөх оны мөн үетэй харьцуулбал харьцуулбал 15-50 см ахиу харин Ус судлалын Хануй-Эрдэнэмандал, Идэр-Их-Уул, Чулуут-Өндөрулаан харуул орчимд 15-20 см бага байна. Тэрхийн-Цагаан, Өгий нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 10 см орчим нэмэгдэж, 115-135 см зузаантай болсон байна.
Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Тэрэлж, Туул голын дагууд мөсний зузаан өмнөх арав хоногоос 5 см нэмэгдсэн бол Хараа, Шарын гол , Сэлбэ, Улиастай, Шивэрт, Сөгнөгөр зэрэг голуудын мөсний зузаан төдийлөн өөрчлөгдөөгүй ёроолдсон байдалтай байгаа ба эдгээр голууд 35-115 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийнхөөс 10-55 см ахиу зузаантай байна. Хүдэр, Хараа, Ерөө, Сэлбэ голын хувьд 10-50 см нимгэн байна.
Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд 60-130 см зузаан мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгдсэн ба энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10-20 см ахиу харин Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл болон Зүүнбүрэн сум, Орхон гол Өлзийт сум орчимд 10-25 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.
2.Номхон далайн ай савын гол, мөрөн
Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Барх, Балж, Онон, Хэрлэн болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нэмэгдэж, 45-150 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон бол бусад голуудын хувьд мөсний зузааны өөрчлөлтгүй шахам байсан байна. Эдгээр голуудын мөсний зузаан 2020 оны мөн үеэс 5-45 см зузаан бол Эг, Балж, Онон, Хэрлэн голын эхээр 5-25 см нимгэн байна. Буйр болон Хөх нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 5-15 см нэмэгдэж, 110-120 см зузаантай болжээ.
3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав
Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй, Дундцэнхэр, Долооннуур, Чонохарайх, Төгрөг зэрэг голууд 30-140 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба Ховд, Буянт, Булган, Дундцэнхэр, Чонохарайх, , Долооннуур голын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5 см орчим нэмэгдсэн бол бусад голууд ёроолдоо хүртэл хөлдсөн байна. Эдгээр голуудын мөсний зузааныг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5-20 см нимгэн харин Буянт, Сагсай, Чигэртэй, Чонохарайх, Төгрөг голын хувьд 5-55 см ахиу байна. Хар ус нуур Дөргөн сум орчимд 95 см зузаан мөстэй байгаа нь өнгөрсөн хугацаанаас мөсний зузаан төдийлөн нэмэгдээгүй байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Яруу, Хожуул, Завхан, Заг, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Шар ус, Онги, Зэгстэй, Таац болон Ойгон, Тайган, Хөх нуурт 35-180 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон нь өнгөрсөн хугацааныхаас 5-20 см нэмэгдсэн байна. Хангайн өврийн голуудын мөсний зузаан 2020 оны мөн үеийнхээс 10-50 см зузаан байгаа бол Буянт, Шарга, Заг, Шаргалжуут, Цагаантуруут, Онги голын нийт уртын дагууд 10-90 см нимгэн байна.
Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Хархираа, Түргэн, Тэс, Намир, Хангилцаг, Хариг зэрэг голын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нэмэгдэж, 25-95 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 5-15 см ахиу харин Хархираа голын хувьд 15 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна. Увс, Хяргас нуур 50-75 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа нь мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нэмэгджээ.
2021 оны хоёрдугаар сарын эхний арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Зарим томоохон гол мөрний мөсний зузааныг тухайн үеийн болон олон жилийн дундаж утгатай харьцуулан хүснэгтэнд үзүүлэв.
Гадаргын усны судалгааны хэлтэс, 2021-02-11

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
14 цаг




ӨНӨӨДӨР - 2021/03/05



5 м/с


Шинэ мэдээ

