ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ (2017 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар)

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг боловсруулан гаргадаг.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон дараа сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг 10 гаруй мэдээллийг ашиглаж байна.

2017 оны зун ихэнх нутгаар гантай болон гандуу байсан нь ургацын хэмжээ бага байх, мал тарга хүч дутуу авах, өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэмжээгээр хэтрэх, бэлчээрийн нөөц хүрэлцээ муу улмаар мал өвөлжилт хаваржилт хүндрэх нөхцөл бүрдэхэд хүргээд байна.

7 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд гандуу, 10 гаруй хувьд гантай байлаа.

12 дугаар сарын 20-ны байдлаар нутгийн 40 гаруй хувьд цастай байгаагаас Увс, Завхан, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай,  Дорноговийн зарим сумдын нутгаар 0-10 см, нягт нь 0,10-0,34 г/см3, Баян-Өлгийн Даян /Сагсай/, Увсын Малчин, Баруунтуруун, Хяргас, Тариалан, Завханы Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Баянхайрхан, Түдэвтэй, Тэс, Булганы Сэлэнгэ, Могод, Хишиг-Өндөр, Сэлэнгийн Ерөө /Бугант/, Төвийн Бүрэн, Цээл, Жаргалант, Хэнтийн Өндөрхаан, Мөрөн, Дорнодын Халхгол, Сүхбаатарын Асгат, Мөнххаан, Сүхбаатар сумдад 11-20 см, нягт нь 0,10-0,33 г/см3, Завханы Сонгино, Өвөрхангайн Бүрд, Есөнзүйл, Булганы Гурванбулаг,  Бугат, Бүрэгхангай, Дашинчилэн, Баяннуур, Рашаант, Орхоны Баян-Өндөр, Жаргалант, Сэлэнгийн Орхонтуул, Баруунбүрэн, Төвийн Лүн, Баян-Өнжүүлд 21-35 см зузаан, нягт нь 0,12-0,34 г/см3 цастай байна.

Зураг 1. Зудын эрсдэлийн зураг, 2017-12-20-ны байдлаар

 

2017 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн  40 орчим хувьд их (17% нэн их, 20% их),  20 гаруй хувьд нь дунд зэрэг (23%) эрсдэлтэй гарлаа.

Үүнээс баруун аймгуудын нутгаар буюу Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгуудын хил залгаа нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд, Төвийн баруун хагас болон Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр хамгийн их эрсдэлтэй гарлаа. /Зураг 1/.

Одоогийн байдлаар зарим нутагт цас бага байгаа боловч зундаа гантай байснаас бэлчээрийн хүрэлцээ муу, усан хангамж дутагдалтай байгаа нь хараар зутрахад хүргээд байна. Мөн малчид отор нүүдэл их хийж байгаагаас цас багатай зарим аймаг, сумдад туурайн зуд нүүрлэх нөхцөл үүссэн байна.

Зудын нөхцөл байдал үүсээд байгаа дээрх аймаг, сумдад зудыг эртнээс сэрэмжлүүлэх, тусламж, дэмжлэгийг оновчтой хуваарилж, хүргүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай.

Зудын эрсдэлийн энэхүү мэдээлэл нь дан ганц одоо байгаа цасны зузаан, нягтаас хамаарахгүй, өнгөрсөн зуны ган зуншлага, бэлчээрийн ургац, бэлчээрийн даац, малын тоо, 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэг олон үзүүлэлтийг жинлэн нэгтгэж, анализ хийж гаргасан болохыг анхаарна уу.   

Цаашид бид цасны зузаан нэмэгдэж, хүйтний эрч чангарч өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрвэл зудын эрсдэлийн тооцоог тухай бүр хийж, нэгдсэн зураглалыг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж, шуурхай мэдээлнэ.

 

Цаг уур, орчны шинжилгээний газар

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

2017-12-25

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store