Зудын эрсдэлийн тухай тойм мэдээ (2018 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар)

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг гаргадаг бөгөөд эдгээрийг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргадаг.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашигласан.

2018 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 20 гаруй хувьд нь өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл /нэн их, их/ ихтэй гарлаа. Үүнд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн ихэнх, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Архангайн зарим нутаг хамрагдаж байна.

11 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 40 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байгаагаас Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Хэнтийн ихэнх, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнодын зарим сумдын нутгаар 0-5 см, Увсын Давст, Хяргас, Завханы Идэр, Тэс, Цагаанчулуут, Цэцэн-Уул, Баянхайрхан, Баян-Уул, Яруу, Улиастай, Хөвсгөлийн Арбулаг, Архангайн Чулуут, Булганы Тэшиг, Хэнтийн Дадал сумдын нутгаар 6-10 см, Баян-Өлгийн Даян, Увсын Улаангом, Баруунтуруун, Зүүнговь, Түргэн, Малчин, Хөвсгөлийн Улаан-Уул, Хатгал, Сэлэнгийн Ерөө (Бугант) сумдын нутгаар 11-16 см зузаан цастай, бусад нутгаар цасгүй байна.

 Энэ жил ихэнх нутгаар зуншлага оройтсоноос ургац бага, хадлан тэжээл бэлтгэх боломж муу, улмаар малын тарга гүйцээгүйгээс зудад өртөх эрсдэл ихтэй байхыг анхаарах шаардлагатай.

Цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарч өвөлжилт, хаваржилт хүндрэх тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ.

 

Цаг уур, орчны шинжилгээний газар

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

 

2018-11-23

Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store